
Хотын 14 стандартыг баталлаа
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих, Хотын стандартыг батлах, эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх тухай хэлэлцлээ.
Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд барих Богдхан төмөр замын шугамын чигийг Засгийн газраас баталсантай холбогдуулан тус чигийн дагуух 496 га бүхий зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг хэлэлцэн батлав. Мөн газар чөлөөлөх явцад иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хангахад анхаарах заалтыг тогтоолын төсөлд оруулжээ.
Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд Хотын стандартыг боловсруулан, эхний хэсгийн 9 бүлгийн 38 стандартыг батлан, өнгөрсөн оны аравдугаар сараас мөрдөж эхэлсэн.
Тэгвэл хотын стандартын дараагийн хэсэг буюу долоон бүлгийн 14 стандартын төслийг хуралдаанаар хэлэлцүүлэв. Үүнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц”, “Үер, борооны усны байгууламж”, “Гудамж зам, барилга байгууламжийн хаягжилт”, “Нийгмийн дэд бүтэц”, “Бие даасан инженерийн дэд бүтэц”, “Дуу чимээний бохирдол”-ын стандартын төсөл багтаж байгаа. Мөн цахилгаан шат, хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлага оржээ.