
ХҮҮХДИЙН СЭТГЭЛЗҮЙЧ С.ХУЛАН:
ИНСТАГРАМЫН БАРБИ ЭМЭГТЭЙЧҮҮД ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ТӨСӨӨЛЛИЙН ДҮРИЙГ БИЙ БОЛГОЖ, СЭТГЭЛ ЗҮЙГ НЬ ГЭМТЭЭДЭГ
ХҮҮХДИЙН СЭТГЭЛЗҮЙЧ С.ХУЛАН:
Бага насны хүүхэд, тэр дундаа ковидын үед төрж өссөн хоёр настнууд энэ жил цэцэрлэгт орсон шүү дээ. Бид бага насны хүүхдүүдэд ковидын үед зан үйлийн өөрчлөлт орсон эсэхийг судлахаар Улаанбаатар хот болон хөдөөгийн хоёр аймгийг сонгож аваад судалгаагаа явуулсан. Тэгэхэд багш нарын өгч байсан мэдээлэл анхаарал татаж байлаа. Хоёр настнуудад гар утасны хэрэглээ маш сөргөөр нөлөөлдөг. Цэцэрлэгийн хүүхдүүд багшаасаа гар утас нэхдэг. Гар утсыг нь булааж аваад нээж өг гэж хуруугаараа товшиж уурладаг, уйлдаг болчихсон.
Эрүүл мэндийн хувьд нүдний хүүхэн хараа ойртчихсон хүүхдүүд маш олон болсон. Өмнө нь ийм байгаагүй гэж багш нар онцгойлон хэлж байсан. Хуруугаараа утас товшиж байгаа юм шиг дадалтай. Уурлахаараа гар утас нэхдэг зан үйлийн өөрчлөлтөд орсон байгаа юм. Энэ нь мэдээж зуун хувь эцэг эхчүүдийн буруу гэж хэлж болохгүй. Ковидын үед анх хүүхэд төрүүлсэн ээж, аавууд хүүхэдтэйгээ яаж харилцахаа мэдэхгүй, гар утасны хамааралтай болгочихсон.
Өсвөр насны хүүхдүүдэд цахимаас хамааралтай холын зайны харилцаа ажиглагдаж байгаа. Тэдний хайр дурлал, үерхэл шохоорхол цахим байдлаар явагдаж байна. Ингэхдээ охид, хөвгүүд өөрийгөө жинхэнэ төрхөөрөө биш төсөөллийн биеийг үүсгэдэг. Бодит бус дүрд тоглоод эхэлж байна гэсэн үг. Жинхэнэ биш өөр, төсөөллийн дүрээрээ бусадтай харилцдаг. Нөгөө талд нь ийм төсөөллийн дүрд нь татагдсан өсвөр үеийнхэн байна.
Ингээд тэд уулзахаараа “Би түүнд таалагдахгүй байвал яах вэ”, “Юу ярихаа мэдэхгүй байна” гэдэг асуудал гарч эхэлсэн. “Амьдрал дээр би хөөрхөн биш, хөгжилтэй биш” гэж гутрах болсон. Өсвөр үеийнхэнд хайр дурлал, үерхэл шохоорхол маш чухал шүү дээ. Гэтэл хэтэрхий их сошиал хэрэглээ ийм нөлөө үзүүлж байна. Харагдаж байгаа, бий болгож байгаа дүрэх төрх бодит амьдарлаас өөр байгаад ирэхээр төөрөгдөлд орж байна.
Эсвэл эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ өөр нэг тоглоом тоглож болно. Хүүхэдтэйгээ харилцан нэгнийхээ сайн чанар, гоё зүйлийг нэрлэнэ. Миний охины үс гоё шүү, хүү маань маш ухаалаг яриатай шүү гэх маягаар. Хүүхдүүд сэргээд л ирдэг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэлийн савыг дүүртэл хэлж өгөх ёстой. Заавал бага наснаас гэлтгүй одоо ч оройтохгүй. Ер нь хүүхэдтэй харилцахын тулд, ялангуяа сошиал хэрэглээнд хамааралтай болсон хүүхдүүдэд амьдрал дээр буусан алхмууд л тус болно.
Эцэст нь бас нэг зөвлөгөө өгье. Хүүхдэдээ өдөр бүр 30 минутыг зарцуул. Эхний 10 минут сонсч, ярилцаарай. Дараагийн 10 минутанд хамт тогло. Түүний дараагийн 10 минутанд тайвшруулж унтуулаарай. Ядаж л сонсч, ярилцах хэрэгцээг нь хангаад өгчихөд, хайрлагдах хэрэгцээг нь хангахад хүүхэд утас руу гүйгээд байдаггүй. Ямар нэгэн хэрэгцээ нь хангагдаагүй учраас түүнийг нөхөх зүйлс рүү тэмүүлдэг.