
“Ройтерс”-ийн мэдээгээр Израилын хүчнийхний тарааж байгаа хуудсууд нь хүмүүсийг нэн даруй байгаа газ
Израил улс Газын зурвасын өмнөд бүсээс хүмүүсийг гарч явахыг анхааруулав
Израилын хүчнийхэн Газын зурвасын өмнөд бүсэд ажиллагаагаа тэлэх үүднээс эндэхийн хамгийн том Хан Юнис хотоос гарч явахыг хүмүүст анхааруулж эхэлсэн байна.
Израилын дайралтууд эхлээгүй байх үед 400 мянгаад хүнтэй байсан Хан Юнис сууринд одоогийн байдлаар Газын зурвасын бусад бүсээс дүрвэж очсон нэг сая гаруй хүн байгаа юм байна.
Израилын талаас аюулгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан энэ бүс нутагт өчигдрийн туршид байгаа газраа нэн даруй орхин явах анхааруулга бүхий хуудас тараажээ.
Мөн Газын зурвас даяар түлшний нөөц шавхагдсанаас тог цахилгаан, цаашлаад холбоо харилцаа, интернэт бүрэн тасарсан, Рафах боомтоор хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх ажил мөн үүнээс үүдэж саатсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
“Ройтерс”-ийн мэдээгээр Израилын хүчнийхний тарааж байгаа хуудсууд нь хүмүүсийг нэн даруй байгаа газраа орхиж түр хуарангууд руу шилжин байрлахыг уриалсан агуулгатай байна.
Мөн алан хядагчдын ашиглалт дахь бүх байшин, байгууламжид цохилт өгөх учир ойр орчимд нь байгаа хэн бүхний амь нас эрсдэлд орох болно гэж анхааруулжээ.
Хан Юнис суурингийн дэвсгэр нутаг дахь майхант хотхонууд, эмнэлгүүд болон сургуулиудын байруудад орох оронгүй болсон олон мянган хүн толгой хоргодож байгаа юм байна.
Одоогоос хэдэн долоо хоногийн өмнө Газын зурвасын хойд хэсэгт газрын ажиллагаа эхлүүлэхийн өмнө Израил мөн ийм хуудсууд тарааж байжээ.