
Зуны цагийн шилжилтийг хойшлуулсны улмаас
Ливан улс хоёр хуваагджээ
Эдийн засгийн гүн хямралд нэрвэгдээд байгаа Ойрх Дорнодын Ливан улсад зуны цагийн хуваарьт шилжихтэй холбоотой маргаан дэгджээ.
Өнгөрсөн амралтын өдөр тус улс зуны цагийн хуваарьт шилжих ёстой байсан ч засгийн газар нь одоо үргэлжилж буй Исламын шашны Рамадан сарыг дуустал шилжилтийг хойшлуулах шийдвэр гаргасан байна.
Тухайлбал Ням гарагт шилжих байсныг дөрөвдүгээр сарын 20 хүртэл хойшлуулах шийдвэрийг Ливаны засгийн газар Пүрэв гарагт гаргасан юм.
Рамадан сарын үеэр муслимууд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл мацаг барьдаг уламжлалтай. Засгийн газар яагаад цагийн шилжилтийг хойшлуулснаа тодорхой тайлбарлаагүй байна.
Гэхдээ зуны цагийн хуваарьт шилжвэл мацаг барих хугацаа нэг цагаар сунжирна гэсэн үг юм. Харин одоогийн өвлийн цагаараа байвал мацаг эрт дуусах ажээ.
Ливаны нөлөө бүхий Маронит сүмийн захиргаа засгийн газрынхаа гэнэтийн шийдвэрийг шүүмжилж, дагаж мөрдөхгүйгээ зарласан байна.
Мөн өөр хэд хэдэн бизнесийн байгууллага засгийн газрынхаа шийдвэрийг дагалгүй, цагаа зуны хуваарьт шилжүүлэхээр болсноо мэдэгджээ.
Ливаны үндэсний агаарын тээвэрлэгч Middle East Airlines компани эрх баригчдын шийдвэрийг дагахаа мэдэгдсэн байна. Үүний улмаас нийслэл Бейрут хотын олон улсын нисэх буудал нислэгийн хуваарийг хоёр өөр цагаар зэрэгцүүлэн харуулах болжээ.