
Сэлбэ төслийг хэрэгжүүлэхэд 300 болон 500 гаруй тэрбум төгрөгийн гэх хоёр төрлийн тооцоолол гарчээ
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгсний дараа сайд Ж.Сүхбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр "10 гаруй жилийн өмнө Сэлбэ төсөл асуудал яригдаж байсан. Сэлбэ сэргэлт төслийн тухайд БХБ-ын сайд Ц.Даваасүрэн гарч ирээд "Улаанбаатар хотын удирдлага, ерөнхий архитекторын хийсэн тооцооллыг үндэслээд Сэлбэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй" гэдгийг хэлсэн.
Улаанбаатар хотын босоо шугам дээр хоногт давхардсан тоогоор 270,000 машин зорчиж байгаа гэж үзвэл Сэлбэ сэргэлтийн төслийг хэрэгжүүлснээр замбараагүй барьсан шугам сүлжээг цэгцэлж, усны урсцын тохируулгыг хийх, нийтийн тээврийн тусгай замуудтай болсноор дээрх босоо шугамын ачаалал шийдэгдэх юм.
Зуслан руу явах замын ачаалал ч шийдэгдэнэ.
Сэлбэ төсөлд эхний байдлаар хоёр янзын тооцоолол гарч байна. Зургийн ажлыг хийх даалгавар өгөгдсөн. Тодруулбал, 300 гаруй болон 500 гаруй тэрбум төгрөгийн тооцоолол гарсан. Түгжрэлээс гадна экологийн хувьд ч ач холбогдолтой төсөл.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Сэлбэ төслийг хэрэгжүүлэх саналыг оруулсан" гэсэн хариулт өгөв.
- Шинэ тойрог замын тооцооллыг шинэчилж байгаа.
- Хотын төвийн яг аль зам дээр зохицуулалт хийхийг тухайн үед нь мэдээлнэ.
- Зарим замын гэрлэн дохионы горимыг өөрчилснөөр хөдөлгөөний хүчин чадлыг 11.8%-аар нэмэгдүүлсэн.
- Явган хүн зам гардаг стандартын тэмдэглэгээтэй гарц манайд нэг л бий.
- Яармагийн шинэ гүүрний хөрөнгө шийдэж өгөх 342 тэрбум төгрөгт бий.
- Зуны цагийн хуваарьт шилжих асуудлыг зөвлөлдөж байж шийднэ.
“Сэлбэ сэргэлт төсөл” Сэлбэ дунд гол дагуу газрын налуу, өндөржилтийг нарийвчлан тооцож инженерийн бэлтгэл арга хэмжээг сайжруулж, үерийн даланг 21.6 км байгуулж үерийн эрсдэлийг бууруулах, усан цөөрөм байгуулж голын урсцыг нэмэгдүүлэх, хотын эко системийг тэнцвэржүүлэх, далан дагуу авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай замыг байгуулж авто замын түгжрэлийг бууруулах, гол дагуух инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын хэсгийн барилгажилтыг эрчимжүүлж агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гол дагуу явган хүний зам, унадаг дугуйн зам, орчны тохижилтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.