
Амьдрал бол аялал
Хүн энэ хорвоод нэг л амьдардаг. Нэг л олдох насандаа аялж хорвоо ертөнцийн сайхныг үзэж харна гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл.
Би хүүхэд байхын л аялах дуртай байсан. Харин энэ боломж их сургуульд сурч байхад надад илүү олдсон юм.Оюутан насны минь дөрвөн жил маш завгүй, ийш тийш аялсан жил болж өнгөрсөн. Эх нутагтаа ч аялж, хүний нутгийг ч зорив.
Энэ бүхний эцэст нэг л зүйлийг яс махандаа шингэтэл ойлгож авсан юм. Амьдрал бол аялал. Аялж, юм үзэж нүд тайлах нь дөрвөн жил нэг газраа сууж дээд боловсрол эзэмшсэнээс ч илүү их зүйлийг хүнд өгдөг гэдгийг.
Олон орны хүмүүстэй уулзаж, олон орны соёлоос суралцаж, олон ургалч үзлийг өөртөө төлөвшүүлэх нь хүний сэтгэлгээний цар хүрээг тэлж, алсын хараатай, амьдралын зорилго чиглэлээ зөв тодорхойлоход маш том тус хүргэх юм байна гэдгийг мөн ойлгосон. Олон орноор аялахдаа би Couchsurfing аргыг хэрэглэдэг байсан юм.
Ингээд би та бүхэнтэй өөрийн туршлагаасаа хуваалцахаар шийдлээ.
Барууны ихэнх орнуудаар сүүлийн үед Couchsurfing (англи хэлнээс орчуулбал couch- буйдан, унтах газар, surfing- интернетээр хайх) аргаар аялах урсгал дэлгэрч байна.
Couchsurfing бол 246 орны 6 сая хүнээс бүрдсэн аялах хоббитой хүмүүст зориулсан нийгмийн сүлжээ юм. Каучсерфингийн гол зорилго нь – соёлын солилцоо, дэлхий ертөнцийг үзэх, дэлхийн өнцөг булан бүрд шинэ найз нөхөдтэй болох. Каучсерфингийн хэрэглэгчид дэлхийн нөгөө буланд байгаа интернетээр танилцсан шинэ танилаа өөрийн оронд урьж гэртээ зочлуулдаг.
Өөрийн аюулгүй байдлаа үл хайхран мэдэхгүй улсад танихгүй хүний гэрт үнэ төлбөргүй байрлах. Тиймээ галзуу сонсогдож байгаа мэт боловч энэ боломжтой зүйл.